“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд тэнцсэн эсэх мэдээллийг авах

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулж дууссан. Одоо шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлж байгаа.

Тэгвэл өнөөдрөөс /2019.08.14/ эхлэн цахим бүртгэлд бүртгүүлж, шаардлага ханган эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад байршуулаад байна.

Ингэхдээ цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 23-ны хороонд тав хоногийн хугацаанд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад авч очих гэнэ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөхийг мэргэжилтнүүд сануулсан байна.

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт