Иргэд ‘Сайн карт’ ашиглан 25 кг, 600 кг, нэг тонноор нь сайжруулсан түлш худалдан авна

Удахгүй сэрүүн орж, агаарын бохирдлын асуудал хурцаар яригдана. Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгатай ярилцлаа.

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг бууруулах чиглэлээр 32 төрлийн ажил хийж байгаа. Тухайлбал, ямар ажлууд хийж байна вэ. Ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?   

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг бууруулах чиглэлээр 32 төрлийн ажил хэрэгжүүлж байна. Ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК-ны үйлдвэртэй хамтарч, сайжруулсан түлшний нөөцийг бий болгох, гэр хорооллын агуулах болон дундын бөөний төвүүдээр тарааж байршуулах, төмөр замын тээврийг ашиглан Амгалан хангамжийн бааз руу тээвэрлэх, мөн насжилт багатай нийтийн тээврийн хэрэгсэлд утааны шүүлтүүрийг суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Мөн 21 сургууль, цэцэрлэгийн нүүрсээр ажилладаг дулааны төхөөрөмжийг сольж, хийн болон вакум усан халаалтын технологи руу шилжүүлж эхэлсэн. Энэ ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр хар утаа гаргадаг 21 ширхэг яндан байхгүй болох юм. Дараагийн нэг томоохон ажил гэвэл, Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд таваас дээш килобайтын халаалтын зуух ажилладаг. Тиймээс нэн шаардлагатай хэсгүүдэд хуурай болон нойтон технологийн яндангийн шүүлтүүрийг суурилуулах туршилт хийлээ. Туршилтууд эхнээсээ амжилттай хэрэгжээд, 40 гаруй ширхгийг суурилуулаад байна.

-Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс хэдэн хувиар бага утаа ялгаруулж байна вэ?

-Түүхий нүүрсийг зууханд түлээд гарч буй утааг, сайжруулсан түлшнээс гарч буй утаатай харьцуулж үзэхэд эрс ялгаатай байгаа юм.  Түүхий нүүрснээс хар утаа гардаг бол сайжруулсан түлшнээс бараг утаагүй шахам, цагаан уур шүүгдэж гарч байна. Энэ нь утааны хорт бодис бага байгаагийн илрэл.

-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол хэдэн хувиар буурах вэ?

-Агаарт дэгдэж буй утааны хорт бодис хамгийн  багадаа 30-40 хувь буурах урьдчилсан төлөв байна. Тэгэхээр 220000 айлд сайжруулсан түлшийг жигд түгээж, айл бүр хэрэглэснээр тодорхой хэмжээний үр дүн гарна гэсэн хүлээлт бий. Сайжруулсан түлш гэдэг нь ерөнхийдөө түүхий нүүрснээс калориор илүү хэрнээ гаргаж буй утаагаараа бага угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс юм. Тиймээс иргэд сайжруулсан түлшээ нийтээрээ хэрэглэж, түүхий нүүрснээс татгалзсанаар бид хамтын хүчээр агаар орчны бохирдлоо бууруулах эхний алхам болно.

-Сайжруулсан түлшийг худалдан авах “Сайн карт”-ыг есдүгээр сарын 1-ээс өмнө тарааж дуусна гэж байсан. Одоо хэвлэлт нь хэдэн хувьтай байгаа вэ?

-“Сайн карт”-ыг хэвлээд дууссан. Сайжруулсан түлш шинээр нэвтрүүлж байгаа учраас зарцуулалтыг нь  хянах үүднээс сайн түлшний картыг ашиглаж байгаа юм.  “Сайн карт”-ыг эхний ээлжид  220000 гаруй айлд үнэгүй тараана. Айл өрх бүр харьяа дүүргийнхээ гэрээт борлуулагчаас сайжруулсан түлшийг худалдаж авах боломжтой. Нэг  өрх өвлийг давахад ойролцоогоор гурав орчим тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм. Сайжруулсан түлш бол түүхий нүүрснээс хоёр дахин удаан шаталттай, хоёр дахин илүү илчлэгтэй. Тэгэхээр 600000 төгрөгөөр түүхий нүүрс авч өвөлждөг байсан бол 300000 төгрөгөөр сайжруулсан түлш авч өвөлжинө гэсэн үг. “Сайн карт”-ын ач холбогдол нь  нэг өрх хэдэн тонн түлш авч түлж байна гэсэн хяналтыг хийх юм.  Мөн энэ картаар өрх бүрт гурван тонн гэсэн хуваарилалтыг хийнэ.

-Нэг дор гурван тонныг биш түүнээс багаар авч болох уу. Тодорхой хязгаар тавьсан зүйл байгаа юу?

-Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад, гэр хорооллын айл өрхийн 40 гаруй хувь нь түүхий нүүрсийг бөөндөж авдаг байсан. Жишээлбэл, хоёр портерыг аваад амбаартаа хадгалаад түлдэг. Сайжруулсан түлшийг бол түүн шиг нөөцлөх шаардлагагүй. Гэрээт борлуулагчийн тоо буурахгүй, нэмэгдэнэ. Сайжруулсан түлшийг хэрэглэх тухайд иргэдэд мэдээлэл олгох үүднээс гэрээт борлуулагч нар өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс “Таван толгой” ХХК-тай хамтарч гэрээт борлуулагч нарт сургалт хичээллүүлнэ.

-Картаа иргэд хэрхэн авах вэ?

-Картыг дүүрэг хороо хэсгүүдээр тараана. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон хороо энэ ажлыг зохион байгуулна. Хороо бүрт хүн амын бүртгэлийн дагуу картыг олгоно.

-Сайжруулсан түлш зах зээлд хэдэн төгрөгөөр, ямар савлагаа болон хэмжээгээр зарагдах вэ?

-Сайжруулсан түлш  нэг тонныг нь  150000 төгрөгөөр худалдаална. Үйлдвэрийнхээ өртгөөр нь зарна. Зарим хүн үнэтэй, зарим нь хямдхан байна гэсэн зүйлийг ярьж байгаа юм. Түүхий нүүрс илчлэг, шаталт, хэмжээнээсээ хамаарч үнэ нь өөр байдаг. Жишээлбэл, өнгөрсөн  жил Налайхын нүүрс шаталт багатай хэрнээ, нэг портер нь 240000 төгрөг байсан. Гэтэл сайжруулсан түлш нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс шаталт сайтай, дулаанаа удаан хадгална. Нэг тонн нь 150000 гэхэд бол хямдхан байгаа юм.  Нийт 500 гаруй гэрээт борлуулагчаар дамжуулан сайжруулсан түлшийг түгээнэ. Түгээх, тараах, байршуулах ажил үндсэндээ 60, 70-аад хувьтай явж байна. Сайжруулсан түлш 25 кг, 600 кг, нэг тонн гэсэн хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэнэ.

-Бэлэн мөнгөөр авч болох уу. Заавал Сайн картыг ашиглаж авах ёстой юу?

-“Таван толгой” ХХК үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа мөнгөө өөрөө хураан авч, тогтвортой байдлыг ханган ажиллана. Карт ашиглан сайжруулсан түлшийг худалдан авна. Банкуудад “Таван толгой” ХХК-ийн сайжруулсан түлш худалдан авах данс байгаа. Тухайн дансанд мөнгөө байршуулаад, картаараа үйлчлүүлнэ. Дансандаа онлайнаар, эсвэл мобайл банкаар эсвэл гэрээт борлуулагч дээр очоод мөнгөө төлснөөр картаараа үйлчлүүлэх эрх нь нээгдэх юм.

-Түрүүнд та сайжруулсан түлшийг түүхийн нүүрс шиг худалдан авч нөөцлөх хэрэггүй гэж хэллээ. Хомсдол үүсэхгүй юү. Хэр их хэмжээгээр нөөцөлсөн бэ?

-Хомсдол үүсэхгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтмол явж байна. Тэгэхээр сайжруулсан түлш дуусна гэсэн ойлголт байхгүй. Түүхий эдийг хангалттай хэмжээнд буюу 560000 орчим тонн нөөцөлсөн. Мөн үйлдвэрлэл рүү ойртуулаад татсан. Тиймээс иргэд сайжруулсан түлш хомсдож, үнэ нь нэмэгдэнэ, дуусна гэх ойлголтоор нөөцлөх шаардлагагүй. Бага багаар нь хэрэглээндээ тохируулаад нөөцлөөд  явах боломжтой. Түрүүнд хэлсэн, сайжруулсан түлш  нь 25 кг, 600кг, 1 тонн гэсэн савлагаатай. Тэгэхээр 25 кг-ийн жижиг шуудайгаар 3 хоногийн эсвэл 7 хоногийн хэрэгцээндээ тохируулаад авдаг ч юм уу. Өөрийнхөө мөнгөнд хэмнэлттэй байдлаар зохицуулах хэрэгтэй.  Сайжруулсан түлшийг дундын агуулах, бөөний төвүүд болон гэрээт борлуулагч нарт байнгийн түгээж ажиллана. Мөн карттай холбоотойгоор шинэ апплейкшн нээсэн байгаа. Мөн смарт утсан дээр NFS гэсэн долгионоор карт уншдаг программыг ашиглаж болно. Худалдаж авалт бүрт баримт хэвлэдэг машинуудыг гэрээт борлуулалтын цэгүүдэд суурилуулна. 20 гаруй худалдааны цэгүүдэд 25 кг-аар зарж  туршилт хийж байна. Хэрэглэж буй иргэд ам сайтай байна. Түүхий нүүрс, сайжруулсан түлш гээд алийг нь ч  удаан хугацаанд чийг авахуулбал,  асахдаа удаан байна. Тэгэхээр ихээр нөөцөлж, хадгалалтын горимыг зөрчиж болохгүй.  

-Картын унших төхөөрөмжийн хувьд ямар байна вэ?

-БНХАУ-аас картын машинуудыг авч байгаа. Гэхдээ энэ ажлыг бол “Таван толгой” түлш ХХК компани өөрөө зохион байгуулж байна. Ер нь бол “пос” машин гэсэн үг. Төлбөрийг хийж байгаа цэг бүрийн санхүү бүртгэл  нь программ дээр харагдана.

-“Сайн карт”-ын хувьд нэг л хэлбэр, загвар байх уу?

-Зургаан дүүрэгт зургаан өөр карт байна. Баянзүрх дүүрэгт харьяалагддаг хүн Сүхбаатар дүүргээс очиж аваад байж болохгүй. Хомсдол үүснэ.

-Иргэд сайжруулсан түлш хэрэглэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ?

-Гэр, байшингаа дулаалах хэрэгтэй. Тооно, хаяавч, хаалгаараа дулаанаа алддаг бол юу ч түлсэн дулаацахгүй шүү дээ. Тиймээс “Гэр байшингаа дулаалъя” аян эхэлсэн байгаа. Үүний хүрээнд гурван банктай хамтраад ногоон зээлийн хүүгийн татаасыг олгож эхэлж байгаа. Банкууд лизингээр орчин үеийн гэрийн бүрээсийг борлуулж байна. Бүрээс авах гэж буй иргэд Төрийн банк, Хаан банк, Хас банкаар дамжуулж гэрийнхээ дулаалгыг лизингээр авах боломжтой. Лизингийн хүүгийн 50 хувийг орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хөнгөлж байгаа юм.  Энэ нь иргэнд ирж байгаа хүүгийн дарамтыг багасгаж өгнө гэсэн үг.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт