Олон улсын гэр бүлийн өдөрийн талаар

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 25 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 15 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Төр улс гэр бүлээс эхтэй. Нийгмийн хамгийн жижиг хэрнээ бүх зүйлийн учир шалтгаан болдог гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь энэ өдрийн зорилго юм. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж, эрүүл сайн сайхан, аз жаргалтай амьдрахын төлөө хүн бүр хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоно хэмээн эрдэмтэн, судлаачид хэлж байгаа юм.

2003 онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан байдаг. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон билээ. Энэ уламжлалаар өнөөдөр “21 зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулна. Хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх юм. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж.

Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “D&S” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар болсон.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихссэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон. Мөн Монголчуудын шар айргийн хэрэглээ 2, архины хэрэглээ 1.6 дахин нэмэгдсэнийг энэхүү судалгаа илтгэжээ. Архи согтууруулах ундааны үнэ өссөн ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж буйн нотолгоо гэж Үндэсний статистикийн хороо онцолсон нь Монголын нийгэмд ажилгүйдэл их, гэр бүлийн тогтворгүй байдал түгээмэл, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаанууд АРХИНЫ ХАМААРЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ АЮУЛ гэж үзэх үндэстэй байна.

Иймд жил бүр ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ АРХИГҮЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх уриалгыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргажээ.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт